УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ГИШҮҮД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БОЛОН ЁС ЗҮЙН ХОРООНД АЖИЛЛАЛАА
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр (2024.09.05) Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар болон Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамтаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ажиллав.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны товч танилцуулгыг тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хийлээ. 2023 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр төрийн 4239 байгууллагад 226496 төрийн албан хаагч ажиллаж байв. 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар төрийн 4267 байгууллагад 229621 албан хаагч ажиллаж байгаа нь хүн амын 6.8 хувь, ажиллаж хүчний 17.9 хувь болно. Хүн амын өсөлтийг дагаж цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг улсын хэмжээнд, Төрийн худалдан авах ажиллагааны албыг аймгуудад байгуулсан нь тооны өөрчлөлтийн голлох шалтгаан юм.
Төрийн албан хаагчдын төрд ажилласан хугацааг судлахад 0-5 жил ажиллаж байгаа албан хаагчийн тоо төрийн албаны ангилал бүрд өндөр байгаа, нийт албан хаагчдын 39 % нь 0-5 жил, 18.6 % нь 6-10 жил ажиллаж байгаа нь тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлүүд алдагдсаны илрэл гэдгийг танилцуулгадаа онцоллоо. Мөн 2024 оны эхний хагас жилийн байдлаар төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 37.2 хувьтай байгаа нь анхаарах асуудал. Төрийн албан дахь эмэгтэй албан хаагчдын эзлэх хувь 2020 онд 61.7 хувь, 2024 онд 63.6 хувь болж, 2.1 хувиар нэмэгдсэн. Энэ нь цаашид “нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 харьцаа бүхий байдлыг хангах” гэсэн хуулийн зохицуулалт хангагдахгүй нөхцөл үүсэх магадлалтайг анхаарах шаардлагатайг дурдав.
Төрийн албаны зөвлөлийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга, гишүүд үг хэлж, асуулт асуув. Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албаны шинэчлэлд тодорхой алхам хийх цаг болсон. Монголын төрийн албанд дахин инженерчлэл хийх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд эрх зүйн шинэтгэл хийх чиглэлээр УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Төрийн албанд байгаа шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцлэх шинэчлэлийг Улсын Их Хурал эхлүүлнэ. 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын их хурал ирэх дөрвөн жилд хууль, эрх зүйн орчны “гурван төгөлдөржилт”-ийг хийх зорилт тавьсан. Иргэнд биш даргад зориулагдсан хуулиудыг өөрчилж, хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль, эрх зүйн орчныг бий болгож, цаг хугацааны хоцрогдлыг арилгана” гэлээ.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар зөвхөн төрийн албанд төдийгүй бүх нийтийн ёс суртахуунд анхаарал хандуулж, соён гэгээрүүлэх ажлууд хийх хэрэгтэй. Ёс суртахуун, ёс зүй ярихгүйгээр авлигатай тэмцэх, хүнд суртлыг бууруулах, хууль мөрдөж, хэрэгжүүлэх бололцоогүй гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар төр данхар байна, төрийн алба цомхон байх ёстой гэж ярихаасаа илүү зохистой бүтэцтэй байх асуудлыг ярих нь зөв гэсэн юм.
Төрийн албан хаагчдыг, ялангуяа улс төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёс зүйн манлайлал үзүүлж, хууль дээдэлж ажиллах шаардлагатай хэд хэдэн хүн яриандаа дурдав. Төрийн албаны шинэтгэлд бусад хууль дагасан тооцоо, судалгаагүй өөрчлөлт, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны насжилт, бүтцийн өөрчлөлт, хууль зөрчсөн томилгоо, хүний нөөцийн тогтворгүй байдал сөргөөр нөлөөлж, удаашруулж байгааг энэ үеэр хөндөв.
Төрийн албаны хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд 1202 байгууллагын, давхардсан тоогоор 20596 төрийн захиргааны албан хаагчийг хамруулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн юм. Шалгалтаар улсын хэмжээнд 2000 зөрчилтэй томилгоо илрүүлж, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласны дүнд 1623 зөрчлийг томилох эрх бүхий этгээд арилгаж, 209 шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгож, 45 шийдвэр түр түдгэлзсэн хэлбэртэй, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж байна.
Төрийн албаны тухай хуульд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг.
Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл хөтлөн, 4.050.744.594 төгрөгийн шаардлагыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хүргүүлсэн. Шаардлагын хугацаа дууссаны дараа 3.546.718.755 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар, 981.753.510 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд 776.4 сая төгрөгийг албан тушаалтан, иргэнээр нөхөн төлүүлснээс 2024 оны эхний 8 сарын байдлаар 471.3 сая төгрөг төсөвт төвлөрүүлээд байна. Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн алба улс төрөөс хараат бус байх зарчмын хэрэгжилт хангагдаж, эдийн засгийн хариуцлага тооцох хөшүүрэг үр дүнд хүрч, хууль зөрчсөн хүний нөөцийн шийдвэр гаргах явц буурч, хуулийн хэрэгжилт сайжирч байна.