https

Түүхэн замнал

Мэдээлэл түгээх


       Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдан мөрдөгдөж эхэлсэн.

      Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 11.5 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр, “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус баталж Ёс зүйн хорооны чиг үүрэг, байгуулах журмыг тогтоожээ.

       Монгол Улсын Ёс зүйн хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийг хуульд заасан харьяаллын дагуу хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн эсэхэд хяналт тавих, нэгдсэн дүн төлөв байдлын тайлан гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан байгууллага юм.

       Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Л.Цэдэвсүрэн, Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, Б.Пүрэвдагва нар албан тушаалаар, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Ш.Батсүх (Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, Доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын гавьяат багш), Ч.Эрдэнэчимэг (Удирдлагын академийн багш, Доктор /Ph.D/), М.Цэрэнбат (Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Доктор /Ph.D/, дэд профессор) нар, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Д.Дуламсүрэн (Авилгатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар) нарыг тус тус Ёс зүйн хорооны гишүүнээр томилсон.

       Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас гишүүний үнэмлэх гардан авснаар чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн.

Онцлох ажил:

             2024 он

  1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг орон даяар сурталчлах, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулав.
  2. “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” (2024-2030 он)-ийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж УИХ-ын 27 дугаар тогтоолоор батлагдав.
  3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан дүрэм, журмыг батлав.
  4. Ёс зүйн дэд хороодыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
  5. Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын дэд системийг нэвтрүүлэв.
  6. Орон даяар “Ёстой зүйтэй” нөлөөллийн аян өрнүүлэв.
  7. Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургалтын агуулга, сэдвийг батлав.
  8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороонд тайлан танилцуулав.

2025 он

  1. Ёс зүйн хорооны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө батлав.
  2. Ёс зүйн хороо бэлэг тэмдэг, түүнийг хэрэглэх журам батлав.
  3. “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн шалгуур үзүүлэлт батлав.
  4. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр Ёс зүйн гомдлын тохиолдол (кейс) сургалт, зөвлөгөөнийг төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулав.
  5. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөнийг хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт” хэлэлцүүлгийг нийт төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулж, санал, асуудал шийдлийн талаар ярилцав.
  6. Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх анхны сургалтад 53 төрийн албан хаагчийг хамруулж, үнэмлэх олгов.

       Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан, Ёс зүйн хорооны гишүүний орон тоонд УИХ-ын нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар 2025 оны 6 дугар сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоолоор  Ц.Амартөгс, Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл нар шинээр томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

       2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ёс зүйн хорооны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын албаны үйл ажиллагааны дүрэм”-д зааснаар тус хороонд мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлж, техник зохион байгуулалтын үйлчилгээгээр ханган ажиллах чиг үүрэгтэй Ажлын алба 24 орон тоотой ажиллаж байна. 


Мэдээлэл түгээх