https

Гадаад харилцаа

Мэдээлэл түгээх


“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТУРШЛАГА” ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд, “Монгол Улсын төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” сэдэвт олон улсын форум 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус форум нь Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, ёс зүй, сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тэлэхэд чиглэсэн юм.

Форумын нээлтийн үгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хэлж, Монгол Улсад төрийн албаны төв байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед форумыг зохион байгуулж буй нь онцлог бөгөөд төрийн албаны ололт амжилт, хуримтлуулсан туршлагаа дэлхий нийтэд сурталчлахын зэрэгцээ олон улсын сайн туршлагыг судалж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Канад Улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч Мари-Шантал Жихард, Казахстан Улсын Төрийн удирдлагын академийн ректор Азамат Жолманов нар форумд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Форумын үндсэн илтгэгч Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Орчин цагийн төрийн албаны хөгжил, хамтын үр дүн” сэдвээр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ко Юүсонг “Төрийн албанд сонгон шалгаруулах тогтолцоо” сэдвээр илтгэл танилцуулж, хоёр улсын туршлагыг харьцуулан ярилцав. Мөн Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг Монгол Улсын Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн чиг хандлага болон тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан юм.

Форумын хэлэлцүүлэг чөлөөт ярилцлагаар үргэлжилж, оролцогчид төрийн албаны хариуцлага, ёс зүй, хүний нөөцийн хөгжил зэрэг сэдвээр санал солилцов. Тус арга хэмжээг Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Гадаад харилцааны яам, Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.


ГУРВАН ТАЛТ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Төрийн албан дахь жендэрийн тэгш байдал, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, ёс зүйн сургагч багш нарыг бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр таван жилийн хугацаатай "Канад-Монголын мерит"  төслийг хэрэгжүүлэх гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсын "Каталисте Плас" байгууллагын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс,  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар гарын үсэг зурлаа.

 Энэ оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхлэх тус төслийн хүрээнд иргэн төвтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэсэн. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулав.


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, ЁС ЗҮЙН ХОРОО КАНАДЫН “КАТАЛИСТЕ ПЛАС” БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар Канад Улсад төвтэй “Каталисте Плас” байгууллагын суурин төлөөлөгч Жениффер Адамс, хүний нөөцийн ахлах зөвлөх Мишель Карлсон болон “Канад-Монголын Мерит” төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр 2025-2030 онд хэрэгжих, “Канад-Монголын Мерит”  төслийн хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Тус төсөл нь хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Мөн уулзалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүйн сургагч багш бэлтгэх, цахим сургалт зохион байгуулах, орон нутгийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн бөгөөд талууд илүү ойр, үр дүнтэй хамтын ажиллагаа хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Талуудын энэхүү уулзалт нь Монгол Улсад иргэн төвтэй, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн цаашдын хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх уулзалт боллоо.  

 


 

ЭЛЧИН САЙД НАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Уулзалтыг нээж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогод чадварлаг, ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилго тавьсан. Улс орны төрийн алба хэдий чинээ тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс хараат бус, чадварлаг байна тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн төдий чинээ сайжирдаг гэж үздэг. Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үе шатыг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний сайн туршлага, үр дүн, дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Монгол Улс төрийн албан хаагчдынхаа ёс зүйн асуудалд анхаарч, бие даасан хууль болон Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан мөрдүүлж байна. Төрийн албанд ёс зүй, шударга байдлыг бүрэн нутагшуулахад Ёс зүйн хороо анхаарч, удирдаж ажиллана гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны шинэтгэл, үйл явц, үр дүн” сэдвээр, Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ш.Батсүх “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалт хэлэлцүүлэгт 20 гаруй улсын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон санал хэлж, байр сууриа илэрхийллээ.


Мэдээлэл түгээх