
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) Төрийн шударга байдлын хэлтсийн Ази, Номхон далайн бүсийн орнуудтай хамтран ажиллах асуудал хариуцсан төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв.
Уг уулзалт нь 2026 оны 10 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан “Төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, ардчиллыг бататгах дэлхийн форум”-ын үеэр ЭЗХАХБ-ын Төрийн засаглалын газрын Дэлхийн түншлэлийн нэгжийн дарга Мириам Алламтай хийсэн уулзалтын үргэлжлэл болж зохион байгуулагдав.
Уулзалтын үеэр Монголын тал төрийн албаны шинэчлэл, цахим систем, хүний нөөцийн удирдлага болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Түүнчлэн шинэ эрх зүйн орчинд нийцсэн, практикт хэрэгжихүйц арга хэрэгслийг нэвтрүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг онцолж, боловсруулж буй төрийн албаны ёс зүйн индексийн аргачлал, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт болон сургалтын үр нөлөөг үнэлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг авах талаар санал солилцов.

ЭЗХАХБ-ын төлөөлөгчид Төрийн шударга байдлын үзүүлэлтүүдийн (PIIs) бүтэц, үнэлгээний аргачлалыг танилцууллаа. Уг үзүүлэлтүүдээр төрийн шударга байдлын стратеги, бодлогын тогтолцооны чанар, төрийн бодлого боловсруулах үйл явцын хариуцлага, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагын үр нөлөө, шударга ёс, сахилгын тогтолцоо, түүнчлэн бодлогын хэрэгжилт, байгууллагын чадавх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг үнэлдэг талаар тайлбарлав. Мөн Монгол Улсыг уг үнэлгээнд хамруулах сонирхлоо илэрхийллээ.
Түүнчлэн ЭЗХАХБ-ын бусад орнуудын өмнөх үнэлгээ, зөвлөмжид үндэслэн Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, судалгаа, үнэлгээ, сургалт зохион байгуулах, зан үйлийн өөрчлөлтийг хэмжих арга хэрэгслийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв. Эдгээр чиглэлээрх үйл ажиллагааг PIIs-ийн үнэлгээнээс тусад нь хамтын ажиллагааны төсөл болгон хэрэгжүүлэх боломжтойг ЭЗХАХБ-ын тал танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд ЭЗХАХБ-ын тал хамтын ажиллагааны төслийн анхны саналыг боловсруулж хүргүүлэхээр тохиролцов. Талууд уг саналын агуулга, хамтын ажиллагааны хамрах хүрээг тодорхойлсны дараа төслийг хэрэгжүүлэх хэлбэр болон санхүүжилтийн боломжийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.
ЁС ЗҮЙН ХОРОО