
Ёс зүйн хорооноос “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” нөлөөллийн аяны хүрээнд төрийн албанд ёс зүй, шударга байдал, хариуцлагыг эрхэмлэх хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын ёс зүйн соёлыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагын багш, эрдэмтэн, судлаачидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дээд боловсролын байгууллага нь ирээдүйн мэргэжилтэн, манлайлагч, төрийн албан хаагчдыг бэлтгэхээс гадна тэдний ёс суртахуун, мэргэжлийн хандлага, үнэт зүйл, хариуцлагын ухамсрыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд ёс зүйтэй, шударга, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх үйл хэрэг нь боловсролын салбарын бодлого, сургалт, судалгаа, хүмүүжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.
 2.jpg)
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Ёс зүйн хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үндсэн чиглэл, холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Харин эрдэмтэн, багш, судлаачдын төлөөлөл өөрсдийн судалгааны үр дүн, мэргэжлийн туршлага, шинэлэг санал, санаачилгаа танилцуулж, санал солилцов.
Тухайлбал, МУИС-ийн багш нарын төлөөлөл, ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн гишүүн Б.Арвинбаяр, “Отгонтэнгэр” их сургуулийн Нийгэм, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш Б.Галиндэв, “Глобал удирдагч” их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, хөтөлбөрийн ахлагч, судлаач Д.Нармандах, “Идэр” их сургуулийн зөвлөх профессор Б.Өлзийсайхан болон бусад оролцогч төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, мэргэжлийн болон төрийн албан хаагчийн нэр хүндийг хамгаалах, Ёс зүйн дэд хорооны гишүүдийн бие даасан, хараат бус байдлыг хангах, судалгааны ёс зүйг төлөвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал, байр сууриа илэрхийллээ.
Оролцогчид төрийн албаны ёс зүйн төлөвшил, соёлыг бэхжүүлэхэд зөвхөн хууль, дүрэм, журмын хэрэгжилтээс гадна ёс зүйн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байгууллагын зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх нь чухал болохыг онцолсон юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, судалгааны үр дүнг бодлого, үйл ажиллагаанд тусгах, харилцан туршлага солилцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Эрдэмтэн, багш, судлаачид төрийн албаны ёс зүй, шударга байдал, хариуцлагыг бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн мэдлэг, туршлага, судалгааны үр дүнгээр хувь нэмэр оруулж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ЁС ЗҮЙН ХОРОО