“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТУРШЛАГА” ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд, “Монгол Улсын Төрийн алба ба Олон Улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форум 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч Мари-Шантал Жихард, Казахстан Улсын Төрийн Удирдлагын академийн ректор Азамат Жолманов нар мэндчилгээ дэвшүүллээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Орчин цагийн төрийн албаны хөгжил, хамтын үр дүн” сэдвээр, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ко Юүсонг “Төрийн албанд сонгон шалгаруулах тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, туршлагаа хуваалцав. Мөн Монгол Улсын Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн түүх, тулгарч буй сорилтын талаар Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг илтгэл тавилаа. Форумын хэлэлцүүлэг чөлөөт ярилцлагаар үргэлжилж, оролцогчид төрийн албаны хариуцлага, ёс зүй, хүний нөөцийн хөгжил зэрэг сэдвээр санал солилцов.
Форумыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Ёс зүйн хороо, Гадаад харилцааны яам, Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
ЁС ЗҮЙН ХОРОО