https

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД 03 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ САНАЛ АВНА

Үзсэн: 106
A- A A+

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхлагч хуулийн үйлчлэлийн хүрээ өргөн, хяналт хариуцлагын тогтолцоо шинээр бүрдэж байгаа тул хууль хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлов. Хөтөлбөрийн төсөлд одоогийн байдлаар 40 гаруй байгууллагаас санал ирсэн бөгөөд энэ сарын 25 хүртэл байгууллага, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авна гэв.

ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ БОЛ: https://csc.gov.mn/content/65d86355c2b775dc8d1b966b

Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн нийтлэг хэм хэмжээ, зарчим, онцлог зохицуулалт, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын танилцуулгыг хийж, ёс зүй, сахилга, хариуцлагын үлгэр жишээ болсон төрийн зүтгэлтнүүдийн үйл хэрэг, үг сургаалаас ишлэн дурдлаа.

Дараа нь Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн, МУИС-ийн багш, доктор Г.Мягмар нар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлэв. Сүүлийн таван жилийн хугацаанд гарсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тоо жил тутам буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ бол бидний тайвшрах шалтгаан биш. Цаашид төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргадаггүй болж төлөвших, ёс зүйн манлайлал, соёл бий болоход үндэсний хөтөлбөрийн зорилго чиглэх учиртайг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хаалтын үгэндээ дахин тодотгосон.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Гаалийн ерөнхий газрын цахим шилжилтийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл