
Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваатай албан уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтын үеэр Ёс зүйн хорооны “Түншлэл, хамтын ажиллагааны жил”, ёс зүйн нөлөөллийн “Хамтран ажиллая – Харилцан дэмжье” сарын аяны хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
Хамтын ажиллагааны хүрээнд танхимын харилцагч байгууллагуудад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн тогтолцооны талаар танилцуулга хийх, бизнесийн болон арбитрын үйл ажиллагаа дахь ёс зүйн асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Энтрепренер “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахад ёс зүйн шаардлагыг гол шалгуур болгох талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь бизнесийн орчин дахь ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг мөрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, байгууллагуудын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА