“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хууль тогтоох, бодлого боловсруулах, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих байгууллагуудын төлөөлөл, яамдын Ёс зүйн дэд хороод, орон нутгийн төлөөлөл, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцов.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэг, хэм хэмжээг дээшлүүлэхэд чиглэгдлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ: Төрийн албаны ёс зүйн дэд бүтцийг бэхжүүлэх нь зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох бус, ёс зүйн зөрчил гарах эрсдэлийг тооцож, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөв харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, иргэндээ шударга, хариуцлагатай үйлчилдэг төрийн албыг бий болгох цогц асуудал юм гэдгийг онцоллоо. 

Оролцогчид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг тодорхойлох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, саналын чиглэлийг нэгтгэх, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал болон санал боловсруулах ажлын хэсэг ажиллахаар тогтлоо. Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн албанд ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ёс зүйн дэд бүтцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

ЁС ЗҮЙН ХОРОО