
Шүүх шинжилгээний ерөнхий газраас албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор Ёс зүйн хороотой хамтран "Шүүх шинжилгээний байгууллагын сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2026" арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 70 гаруй албан хаагч танхимаар, 700 гаруй албан хаагч цахимаар хамрагдав.
Зөвлөгөөнийг Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Даваа нар нээж, Ёс зүйн хорооны дарга “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл өглөө.

Ёс зүйн хорооноос “Ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн эрсдэлийн үнэлгээ, аргачлал”, “Байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал” сэдвээр тус тус мэдээлэл өгч, албан хаагчдын сахилга, ёс зүйн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Ёс зүйн хорооны дарга хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг түлхүү зохион байгуулах болон ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах замаар байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.



Зөвлөгөөнийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр хааж, сургалтад оролцсон албан хаагчдад талархал илэрхийллээ.
ЁС ЗҮЙН ХОРОО