МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн III хуралдаанд “Байгууллага, албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал” болон “Төрийн албан дахь ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны асуулга”-ыг Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Д.Очирваань танилцуулав.
Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллага, албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал болон албан хаагч, иргэнээс авах 2 төрлийн судалгааны асуулга боловсруулагдсан бөгөөд үнэлгээний аргачлал, судалгааны асуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцов.
Хэлэлцүүлсэн асуудлын дагуу Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн санал зөвлөмжийг тусган, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг судлан, боловсронгуй болгож Ёс зүйн хорооны хуралдаанд дахин танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулга, гарын авлагыг Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү танилцуулж, гишүүдээс өгсөн санал, зөвлөмжийн хүрээнд сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг Удирдлагын академитай хамтран боловсруулж, нарийвчилсан төлөвлөгөө гарган батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах үүргийг Ажлын албанд өгснөөр хуралдаан өндөрлөв.
ЁС ЗҮЙН ХОРОО