
Ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Инновац танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва нээж, уг журамд өөрчлөлт оруулах шаардлага, тулгамдаж буй асуудлын талаар товч мэдээлэл өгөв.

“Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав танилцуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлаас удирдлага бүрэлдэхүүн нь томилогддог байгууллага, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн төлөөлөл 57 төрийн албан хаагч оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Тухайлбал:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын ЁЗДХ-ны гишүүн, Улсын ахлах байцаагч Э.Батцэнгэл “сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх асуудлыг журамд нарийвчлан зохицуулах, гомдол, мэдээллийг шалгах болон хариуцлага тооцох хугацааг боломжит байдлаар тогтоох”,
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг “салбар мэргэжлийн ёс зүйн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар асууж, хууль тогтоомжид салбар мэргэжлийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг тусгах, гишүүдийн урамшууллыг олгох”,
Улсын ерөнхий прокурорын газрын ЁЗДХ-ны гишүүн, хэлтсийн дарга Б.Ичинхорол “дэд хорооны гишүүнийг сонгох шалгуурт шударга хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагч байх гэж заасан нь ойлгомжгүй буюу шударга хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг яаж хэмжих талаар, мөн сахилгын болон ёс зүйн шийтгэл хүлээж байгаагүй гэх шалгуур нь хугацаатай байхаар заах”,
ХББОСЯ-ны ЁЗДХ-ны гишүүн, шинжээч Г.Гантөр “дэд хорооны гишүүнийг сонгоход гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сахилгын болон ёс зүйн шийтгэл хүлээгээгүй байх гэсэн шаардлага тавих нь албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байна, мөн журмын төслийн 3.8 дахь заалтад заасан гишүүдэд урамшуулал олгохтой холбоотой заалтын найруулгыг засах хэрэгтэй, агуулга ойлгомжгүй байна.”
Төрийн тусгай хамгаалалтын газрын ЁЗДХ-ны нарийн бичгийн дарга, Д.Нацагдорж “дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэрийг хангах, мөн тэд хүртэлх албан хаагч нь хууль, эрх зүйн мэргэжилтэй байх гэх зэрэг шалгуурыг оруулах, нарийн бичгийн даргыг орон тооны албан хаагч болгох, ТАЗ-ийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга шиг албан тушаалын тодорхойлолтыг жишиг байдлаар боловсруулж өгөх, урамшууллыг маргаангүй олгодог байх”,
ХЗДХЯ-ны ЁЗДХ-ны нарийн бичгийн дарга, шинжээч Х.Дөлгөөн “нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний үлдсэн хугацаатай адил байх гэдэг нь дэд хороодын цаашдын залгамж байхгүй болох нөхцөл үүсэх учир нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацааг шинээр тоолох, мөн гишүүдийг сонгоход цахимаар эсхүл бичгээр санал авна гэж найруулах”,
Биеийн тамир, спортын улсын хорооны ЁЗДХ-ны нарийн бичгийн дарга, мэргэжилтэн З.Мөнхзул “дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд эрх зүйч мэргэжилтэй албан хаагч байх, хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлага болох эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зохицуулалтыг тодорхой болгож зохицуулах”,
Татварын ерөнхий газрын ЁЗДХ-ны нарийн бичгийн дарга, улсын байцаагч Д.Даваасүрэн “орон гарсан гишүүн сонгох ажиллагааг шуурхай болгох зохицуулалтыг тусгах” зэрэг саналуудыг гаргалаа.


Оролцогчид журмын төслийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр санал, байр сууриа идэвхтэй илэрхийлж, харилцан туршлага солилцов.
Хэлэлцүүлэг ажил хэрэгч, үр дүнтэй болж, журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг нэгтгэн авах боломж бүрдсэнээрээ онцлог байлаа.
Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж хэлэлцүүлгийг өндөрлүүлэв.
ЁС ЗҮЙН ХОРОО