
Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс “Канад–Монголын Мерит” төслийн техникийн зөвлөх Дэвид Эндрю Ганнтай уулзаж, төрийн албаны ёс зүйн сургалтын тогтолцоог сайжруулах болон цахим ёс зүйн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр төрийн албаны үйл ажиллагаанд цахим шилжилт, цахим хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахим ёс зүйн асуудалд анхаарах, төрийн албан хаагч цахим технологийг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах, цахим орчинд шударга байдал болон ёс зүйн хэм хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаарх Олон Улсын туршлагыг судлах талаар санал солилцов.

Түүнчлэн танхимын сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал төрийн албан хаагчдад зориулан цахим сургалтын платформын сургалтыг хөгжүүлэх, ялангуяа удирдах албан тушаалтнуудад цахим технологийн хэрэглээ болон ёс зүйн хэм хэмжээг мөрдөх талаарх мэдлэг, мэдээллийг бие даан эзэмших боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжих, Олон Улсын туршлагаас суралцах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар боллоо.
ЁС ЗҮЙН ХОРОО