
Ёс зүйн хороо, Монгол Улсын Их Сургуулийн судалгааны багтай хамтран “Төрийн албан дахь ёс зүйн төлөв байдал: Иргэд болон төрийн албан хаагчдын тандан судалгаа” 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тус судалгаагаар төрийн байгууллагын ёс зүйн төлөв байдал, ёс зүйн зөрчил үүсэхэд нөлөөлж буй шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлох бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулна.
Энэ хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн түүвэрт орсон төрийн байгууллагын 2500 төрийн албан хаагчаас анкет-асуумжаар, төрийн үйлчилгээ авч буй 1400 орчим иргэдээс судалгаа авч, сонгогдсон байгууллагын 10-12 албан хаагчтай фокус бүлгийн ярилцлага, Ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй ганцаарчилсан ярилцлага тус тус хийгдээд байна.



Ёс зүйн хорооны захиалгаар Монгол Улсын Их Сургуулийн судалгааны багийн гүйцэтгэж буй дээрх судалгааны ажилд Иргэд, Төрийн албан хаагчид Та бүхнийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА