
Ёс зүйн хорооны 2026 оны ээлжит V хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Инновац танхимд болж, 4 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар байгууллагын "Ёс зүй, сахилга, хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт"-ийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Шинэчлэн баталсан шалгуур үзүүлэлт нь төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг тогтмолжуулах, удирдах албан тушаалтны ёс зүйн манлайллыг бэхжүүлэхэд чиглэснээрээ онцлогтой юм.
Мөн хуралдаанаар Ёс зүйн хорооны чиг үүргийн шинжилгээний үр дүн, 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг тус тус хэлэлцлээ.
Ёс зүйн хорооны гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнд суурилсан байдлаар хэрэгжүүлэх, салбарын Ёс зүйн дэд хороодыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахын зэрэгцээ 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байгаа арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ёс зүй, сахилга, хариуцлагыг төлөвшүүлэх, нийт төрийн албан хаагчдыг ёс зүйн манлайлал үзүүлэн ажиллахыг анхаарууллаа.
Ёс зүйн хороо нь төрийн албанд ёс зүйн засаглалыг бэхжүүлэх, хариуцлагатай, ил тод, шударга, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд чиглэсэн ёс зүйн бодлого, үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
ЁС ЗҮЙН ХОРОО