
Ёс зүйн хороо нь Гадаад харилцааны яам, Канад-Монголын Мерит төсөлтэй хамтран "Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа" сэдэвт уулзалтыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд зохион байгууллаа.

Уулзалтын зорилго нь "Түншлэл, хамтын ажиллагааны жил"-ийн хүрээнд ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлага, үр дүнг танилцуулах, гадаад улсын туршлагаас суралцах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал байв.
Туршлага солилцох уулзалтад Ёс зүйн хорооны дарга, гишүүд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч нар, Олон Улсын төсөл, хөтөлбөрийн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Оролцогчдод Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Амарзаяа нар орон нутаг дахь ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, туршлага, асуудал, шийдлээ танилцуулсан юм.

Уулзалтын үеэр хэлэлцүүлсэн илтгэлээс онцлоход олон улсад Шүүхийн ёс зүйн асуудалд иргэд, олон нийтийн итгэлийг олох асуудал чухал байдаг бөгөөд сайн туршлага болгон АНУ, Канад, Итали, Герман, Латви зэрэг олон улсын жишээг танилцуулсан ба Монгол Улсын төрийн албаны ёс зүйн өнөөгийн байдал, байгууллагын соёл, үнэт зүйлс, олон улсын стандарт, НҮБ-ын Хүүхдийн сангийн ёс зүйн бодлого, орон нутгийн болон төрийн байгууллагын ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааны туршлага зэрэг сэдвээр үндэсний болон олон улсын илтгэгчид мэдээлэл хүргэв. Мөн оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
ЁС ЗҮЙН ХОРОО