
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Цахимжилт ба хиймэл оюуны эрин үед: Хүн. Хэтийн төлөв. Нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвийн хүрээнд Төрийн албаны хүний нөөц, байгууллагын дижитал бэлэн байдал, шударга байдлын соёл, төрийн үйлчилгээний үнэ цэнэ, чанар, ил тод байдал, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлаар зохион байгуулагдсан Олон Улсын форумд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс (Ph.D) тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.
Тус форумд Япон, Турк, Монтенегро, Португал, Сингапур, Их Британи, Румын, Кипр, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират болон зохион байгуулагч Казахстан зэрэг 20 гаруй улсын төрийн албаны төв байгууллага, авлигаас урьдчилан сэргийлэх болон ёс зүйн асуудал хариуцсан байгууллага, их дээд сургууль, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, хүний нөөцийн мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Авлигын эсрэг улсуудын бүлэг (GRECO), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Төв Азийн холболт хөтөлбөр (C4CA) болон бүс нутгийн байгууллагуудын 300 гаруй төлөөлөл оролцож, төрийн үйлчилгээний чанар, ил тод байдал, дижитал бэлэн байдлын сайн туршлага, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс (Ph.D) “Хүн тогтолцооны цөм болох нь” дугуй ширээний уулзалтад оролцохдоо төрийн албан хаагчид мэдлэг, техникийн чадвараас гадна системийн сэтгэлгээ, өөрчлөлтөд дасан зохицох чадвар, тоон бичиг үсгийн чадавх, ёс зүйн манлайлал болон иргэн төвтэй хандлагыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Улмаар Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан нар Бүгд Найрамдах Казакстан Улсын Төрийн албаны хэргийн агентлагийн дэд дарга бөгөөд Ёс зүйн асуудал хариуцсан комиссар Альбек Ахмедияр (Alibek Akhmedyar)-тай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Ёс зүйн хороо болон Казакстан Улсын Ёс зүйн газрын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үр дүнд талууд харилцан суралцах, туршлага солилцох цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын төрийн албаны ёс зүйн дэд бүтцийг бэхжүүлэх, цахим шилжилтийн үр шимийг төрийн албанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



ЁС ЗҮЙН ХОРОО