ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

     Улаанбаатар хотноо 2026 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Ёс зүйн хороо, Канад–Монголын Мерит төслөөс хамтран зохион байгуулсан “Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах, туршлага солилцох сургалт, уулзалт” амжилттай болж өндөрлөлөө.

     Сургалтад төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын 210 төлөөлөл оролцож, төрийн албан хаагчийн ёс зүй, хүний эрх, байгууллагын соёл, манлайлал, ёс зүйн эрсдэлийн удирдлага болон Олон Улсын сайн туршлагын талаар мэдлэг, туршлагаа солилцов.

     Уулзалтын хоёр дахь өдөр “Төрийн албан хаагчийн Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь” номын нээлт болж, ёс зүйн ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шинэ бүтээлийг танилцууллаа. Төрийн албан хаагчийн Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь” нь 240 гаруй үгийн тайлбарыг Монгол, Англи хэл дээр бичиж тайлбарласан байна. Тайлбарыг монголчуудын зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийг тал бүрээс нь судалж ёс суртахууны онол, үзэл баримтлал, мэргэжлийн ёс зүйн эрх зүйн зохицуулалт, төрийн албаны практикт нийтлэг хэрэглэгддэг нэр томьёо, ухагдахууныг тайлбарлан нэгтгэсэн анхны бүтээлүүдийн нэг болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

     Төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын чадавхыг бэхжүүлж, ёс зүйн дэд бүтэц, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү сургалтын төгсгөлд оролцогчид цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх санал, зөвлөмжөө нэгтгэн хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

ЁС ЗҮЙН ХОРОО