
Монгол Улсын Ёс зүйн хороо Канад-Монголын Мерит төсөлтэй хамтран Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах, туршлага солилцох анхны сургалт, уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Улсын Их Хурлаас удирдлага, бүрэлдэхүүнийг нь томилдог байгууллага, Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 91 байгууллагын Ёс зүйн дэд хорооны 210 төлөөлөгч оролцож байна.
Сургалт, уулзалтыг нээж Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс төрийн албанд ёс зүйн засаглалыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон бол, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Мерит төслийн үр дүн, Канадын Төрийн албаны ёс зүйн тогтолцоог судалж, туршлагыг хэлэлцэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв.


Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албан зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, Б.Төгсцэнгэл, Л.Золзаяа, Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн, М.Цэрэнбат, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жанн Стефан Күтюр, Монгол Канадын Мерит төслийн зөвлөх Р.Алтангэрэл нар оролцлоо.
Эхний өдрийн сургалтын хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа: Сорилт, шийдэл” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, “Төрийн албаны шинэтгэл: Төрийн албан хаагчийн чадамж” сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн Б.Төгсцэнгэл, “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, “Төрийн албаны ёс зүйн тогтолцоо Олон Улсын чиг, хандлага: Канад Улсын туршлага” сэдвээр Канад-Монголын Мерит төслийн Техникийн зөвлөх Хэйдэр Макинтош, “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандарт 7068:2025 стандарт” сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, “Ёс зүйн дэд бүтэц, олон улсын туршлага, ёс зүйн индекс нэвтрүүлэх нь” сэдвээр Эм Эм Си Жи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн, “Төрийн бус байгууллага болон хувийн сектор дахь ёс зүйн зарчим, хэм хэмжээ, зохицуулалтын онцлог” сэдвээр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа нар чухал сэдвүүдийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Мөн төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын сайн туршлагыг хуваалцах панел хэлэлцүүлэг зохион байгуулж, ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ, гомдол мэдээллийг шийдвэрлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
Эхний өдрийн сургалт, уулзалтыг УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ дүгнэв.
Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ёс зүйн удирдлага, хариуцлагыг төлөвшүүлэх, төрийн албаны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.



ЁС ЗҮЙН ХОРОО