
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагаатай (2026.05.19) танилцаж, мэдээлэл солилцох уулзалтад Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн төлөөлөл, Ажлын албаны албан хаагчид оролцов.

Уулзалтын эхэнд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, төрийн болон нутгийн захиргааны 89 байгууллагын 3156 салбар, нэгжийн түвшинд 2025 онд “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-г анх удаа зохион байгуулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоо бий болсныг онцоллоо.
Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн салбарын хууль, дүрэм, журмаар зохицуулж буй ёс зүйн харилцааг нэгдмэл байдлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай. Мөн төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, бүтээмжийг дээшлүүлэхэд ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг мөрдөж, төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэсэн хүнлэг, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бий болгоход удирдлагын манлайлал чухлыг дурдсан юм.

Ажлын албаны ажилтнуудын зүгээс ёс зүйн гомдлын хүрээ, харьяалал, процессыг хуульд тодорхой зааж өгөх, албан хаагчдын ажлын чиг үүргийн давхардал, ачааллын талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б. Хэрлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхлээд 3 жилийн хугацаанд Ёс зүйн хороо багагүй үр дүнтэй ажиллаж, төрийн бүх шатанд ёс зүйн асуудалд анхаарч эхэлснийг онцолж, цаашид Ёс зүйн хорооны үйл ажиллагааг дэмжиж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

ЁС ЗҮЙН ХОРОО