ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ёс зүйн хороо өнөөдөр (2025.12.19) Ёс зүйн төлөв байдлыг тандах судалгааны дүн, арга зүйн зөвлөмж, зарим байгууллагад хийсэн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээний танилцуулга хийж “Төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг тандах судалгаа, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээний танилцуулга” сэдэвт хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгууллаа.

“Ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, цаашид эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд ашиглах арга зүй, аргачлал, зөвлөмж” боловсруулсан талаар Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Алтайбаатар, “Төрийн албан дахь ёс зүйн асуудал, зөрчлийг тодорхойлох зорилгоор хийсэн тоон болон чанарын судалгаа”-ны дүнгийн талаар Төрийн захиргааны тэнхимийн багш Б.Ганцоож, Зарим төрийн байгууллагад “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээ” хийсэн дүнгийн талаар Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан танилцуулж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт төрийн 61 байгууллага, 160 гаруй албан хаагчид цахим болон танхимаар оролцов.

Судалгаанд 1200 иргэн, төрийн 50 байгууллагын 3268 албан хаагчийг хамруулж, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйн төлөв байдал, төрийн үйлчилгээний чанарыг судалсан бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг тодорхойлох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдол юм.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА