ЁС ЗҮЙ БА ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР

Хамтарсан байгууллагуудын сургалт хоёр дахь өдрөө (2025.12.05) төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад зохион байгууллаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор Ц.Амартөгс, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид нар оролцлоо.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор Ц.Амартөгс Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын Тамгын газар, Ажлын албаны дарга нарт “Төрийн албаны ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл танилцуулсан юм.

Танилцуулгын онцлох нэг зүйл нь энэ жилээс төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахтай холбоотой ёс зүйн индекс болон ёс зүйн дэд бүтцийг хөгжүүлэх замаар төрийн албан хаагчийн ёс зүйн чадвар чадамж, ур чадварын үнэлгээг хийх тухай мэдээ байлаа.
Оролцогчдын сэтгэгдлээс...
- Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун: Боловсролын яам, Их дээд сургуулиудын консорциум болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ёс зүй, жендер, хүний эрхийн тухай ойлголтуудыг системтэйгээр цэцэрлэгийн наснаас нь эхлэн “хүн болох хүмүүжил”-ийг нь олгоод өгвөл ирээдүйд яригдаад байгаа асуудлууд аяндаа зүг чигээ олоод явах байх гэж боддог. Иргэд олон нийт төрийн албан хаагчдаас ёс зүй нэхээд байдаг гэтэл бас ард иргэд төрийн албанаасаа үйлчилгээ авахдаа ёс зүйтэй байж, харилцаа хандлагадаа анхаарах хэрэгтэй.
- Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга, Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга: Ө.Сувдаа: Энэ сургалтаар маш их мэдээллийг олж мэдлээ. Энэ удаагийн сургалт нь маш цаг үеэ олсон, чухал мэдээ мэдээллээр дүүрэн сайхан сургалт боллоо. Би энэ сургалтад суухаас өмнө байгууллагынхаа ёс зүйн дэд хорооны гишүүдтэйгээ уулзсан. Ц.Амартөгс даргын хэлсэн “Хүний нөөцийн системд оруулсан байгаа” төлөвлөгөө тайланг удирдлагын алба хэрэгжүүлж буйн хувьд өөрийн биеэр үзэж танилцах, цаашид байгууллагадаа хэрэгжүүлэх ёс зүйн үйл ажиллагааг анхаарах ёстой гэж бодлоо.
ЁС ЗҮЙН ХОРОО