“ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Ёс зүйн хороо, Удирдлагын академи хамтран Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг нийслэл дэх төрийн 22 байгууллагын 58 албан хаагчийг хамруулан 2025 оны 5 дугаар сарын 19-27-ний өдрүүдэд хоёр ангиар Удирдлагын академийн III байранд эхлүүллээ. Сургалтын нээлтэд Ёс зүйн хорооны гишүүн Ч.Эрдэнэчимэг, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Хэлтсийн дарга Ц.Заяхүү, Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг нар оролцов.
Уг сургалт нь ёс зүйн дэд хороодыг чадавхжуулах, зөвлөн туслах, төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, сургалтын арга зүй, ур чадварыг эзэмшсэн ёс зүйн сургагч багш бэлтгэх зорилготой. Сургалтыг Удирдлагын Академийн доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг, А.Алтанзул, Ж.Алтайбаатар, Боловсролын судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор, Монгол Улсын Гавьяат багш У.Туяа, Нью Лийдэршип академийн доктор, профессор Ц.Бүжидмаа нар удирдан явуулж, оролцогчдод ёс зүй, үнэт зүйлийн тухай үндсэн ойлголт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ, зарчим, ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт, эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг насанд хүрэгчдийн онцлогт тохируулан бие даан зохион байгуулах арга зүй, аргачлалыг онол, дадлага, үйлдэн суралцахуй, багийн ажиллагаа зэрэг олон арга хэлбэр ашиглан явуулж байна.
Ёс зүйн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн анхан шатны сургалтад оролцсон албан хаагчид судалсан сэдвүүдээс сонгож, өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу туршилтын хичээлийг багаараа зохион байгуулж үнэлүүлнэ. Улмаар Ёс зүйн хорооноос батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын сэдэв агуулга”-ын хүрээнд өөрийн байгууллага, салбарын хэмжээнд сургалтыг удирдан явуулах бөгөөд чадавхжуулах сургалтад хамрагдаж, үнэлэгдсэний дараа Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэх болно.
ЁС ЗҮЙН ХОРОО