“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймгийн Ховд хотод 2025 оны тавдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү бүсийн зөвлөгөөн нь төрийн албаны шинэтгэл, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, бүс нутгийн хэмжээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилготой. Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 30,335 албан хаагчийг төлөөлж, 700 төлөөлөгч оролцов.
Зөвлөгөөний эхний өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ", "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ", "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ" зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн доктор, дэд профессор, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж, ёс зүйн дэд хороод жилд хоёроос доошгүй удаа сургалт зохион байгуулах шаардлагатай байгааг дурдлаа.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал”, “Төрийн албаны бүтээмж ба бүтээлч сэтгэлгээ” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг үргэлжилж, баруун бүсийн төрийн албан хаагчид орон нутагт ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөж, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн зөвлөгөөнд оролцож буй таван аймгаас Увс аймаг 2025 оныг “Ёс зүйн жил” болгон зарласан нь төрийн албанд ёс зүйг бэхжүүлэх чиглэлд гаргаж буй бодит алхам байв.
ЁС ЗҮЙН ХОРОО