“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод 2025 оны тавдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү бүсийн зөвлөгөөн нь төрийн албаны шинэтгэл, ёс зүй, манлайллыг төлөвшүүлэх, бүс нутгийн хэмжээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилготой зохион байгуулагдсан. Зөвлөгөөнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн 464 төрийн байгууллагын 14,457 төрийн албан хаагчийг төлөөлж нийт 600 гаруй төрийн албан хаагч оролцсон нь бүсийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг болсныг харуулж байна.
Зөвлөгөөний эхний өдөр буюу 2025 оны 05 дугаар 01-ний өдөр “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага”, “Хөдөлмөрийн тухай хууль ба түүний хэрэгжилт” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тэр дундаа “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэгт Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны гишүүн, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Батсүх, Ёс зүйн хорооны гишүүн, Авлигатай тэмцэх газрын эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар чиглүүлэгч, илтгэгчээр оролцон, орон нутгийн албан хаагчдын санал бодлыг сонсов. Тус өдрийн төгсгөлд зөвлөгөөний нийт төлөөлөгчдөд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу 2025 оны 05 дугаар 02-ны өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал”, “Төрийн албаны бүтээмж ба бүтээлч сэтгэлгээ” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг үргэлжилсэн. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн нар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулан бодлогын түвшинд дэмжлэг үзүүллээ.
Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудал хэлэлцүүлэг”-ийг ёс зүйн дэд хорооны 100 гишүүн хамруулан хийсэн бөгөөд “Гомдол мэдээлэл хянан шалгах үйл ажиллагааны талаар хэрхэн ойлголт авсан бэ? гэсэн асуулгад 93 хувь хангалттай ойлголт авсан, “Сургалт, хэлэлцүүлэг ойлгомжтой хүртээмжтэй болсон” гэж 85.3 хувь үнэлсэн байна.
Зөвлөгөөний үеэр зүүн бүсийн төрийн албан хаагчид төрийн албаны нэр хүндийг өргөх, орон нутагт ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөж, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Энэхүү зөвлөгөөн нь бүсийн хэмжээнд төрийн албаны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, нэгдмэл ойлголт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн онцлог үйл явдал болж өндөрлөлөө.
ЁС ЗҮЙН ХОРОО