https

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үзсэн: 61
A- A A+

     “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 499 байгууллагад ажилладаг нийт 14,459 төрийн албан хаагчдын төлөөлөл болох 600 гаруй төрийн албан хаагч оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв. 

     Зөвлөгөөний эхний өдөр (2025.04.21) Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэглээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, сургалтууд зохион байгуулагдаж, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D) Ч.Эрдэнэчимэг, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар чиглүүлэгч, илтгэгчээр оролцлоо. 

    Төрийн албан хаагчийн ёс зүй иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хууль бодлогын хэрэгжилт, үр дүн, ёс зүйн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх, Ёс зүйн зөрчлийг сахилгын болон гэмт хэргийн зөрчлөөс ялгах, төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөн туслах зорилготой байв. Хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд гарч буй асуудлыг шийдэх сургалтыг тогтмол хийх нь чухал болохыг Ёс зүйн хорооны гишүүн Ч.Эрдэнэчимэг онцоллоо.  

     Зөвлөгөөний хоёр дахь өдөр (2025.04.22) Төрийн албаны шинэтгэлд чиглэсэн илтгэл, хэлэлцүүлгүүдээр үргэлжилж, цаашид хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах талаар оролцогчдын саналыг сонсов. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүд, Ажлын албаны дарга, нэгжийн дарга нар оролцосноос гадна УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар илтгэл тавьж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт” хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгчээр ажиллав. Орон нутгийн төлөөлөгчид төрийн албаны өнөөгийн байдал, хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж боловсруулах зэрэг тулгамдсан, бодлогын өөрчлөлт, шинэчлэлт, уялдаа холбоо шаардсан олон асуудлыг хөндөн ярилцав. 

Зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл санаачлан, УИХ-ын холбогдох байнгын хороод болон Ёс зүйн хороо, Өмнөговь аймгийн ЗДТГ, төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгууллаа. 

ЁС ЗҮЙН ХОРОО

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл