"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ" ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ БОЛЛОО

Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт энэ сарын 07-08-нд боллоо. Зөвлөгөөнд төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний албанд ажилладаг төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.
2023 онд шинээр батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хууль, түүний хэрэглээг таниулах сургалтыг бодит кейс дээр ажиллах хэлбэрээр зохион байгуулсан нь лекц сонсохоос илүү үр дүнтэй сургалт болсон. Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь алдаа гаргах бүрд шийтгэхээ урьтал болгохгүй, ёс зүйн алдаа гаргасан төрийн албан хаагч уучлал гуйдаг жишиг тогтоох нь чухал гэдгийг Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар тодотголоо.
Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлгийн үеэр яригдсан сэдвүүдийн нэг нь төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл байлаа. Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолоор аймагт ажилладаг төрийн албан хаагчид 20 хувийн нэмэгдэл, суманд ажилладаг төрийн албан хаагчид 40 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэрийн хэрэгжилт зарим төрийн байгууллагад алаг цоог хэрэгжиж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн. Энэ мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой түгээмэл асуудал, зөрчлүүдийг зохицуулахад Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмуудын ямар зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа тайлбарлаж, ойлголтын зөрүүг арилгаснаар эхний өдрийн хэлэлцүүлэг өндөрлөсөн.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Төрийн албаны шинэтгэлд чиглэсэн илтгэл, хэлэлцүүлгүүдээр үргэлжилж, цаашид хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах талаар оролцогчдын саналыг сонслоо. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүдээс гадна УИХ-ын гишүүн ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг нар оролцсон юм. Орон нутгийн төлөөлөгчид төрийн албаны нэр хүндийг өсгөх, ажиллах нөхцлийг сайжруулах, хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж боловсруулах зэрэг тулгамдсан, бодлогын өөрчлөлт, шинэчлэлт, уялдаа холбоо шаардсан олон асуудлыг хөндөн ярилцав.
ЁС ЗҮЙН ХОРОО