АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр тогтоолоор байгуулж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт албан томилолтоор ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны ажлын албаны Ахлах зөвлөх Д.Наранцэцэг, Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин, УИХ-ын гишүүний туслах Ч.Сонинбаяр нар Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлага /томилох эрх бүхий албан тушаалтан/-тай уулзалт хийж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал, мэдээлэл солилцож, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан хаагчдад холбогдох хууль тогтоомжоор сургалт зохион байгуулав.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА