“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хэрэгцээ ба агуулга” хэлэлцүүлэг боллоо.
Ёс зүйн хорооноос 11 дүгээр сарыг “Ёс-той Зүй-тэй” нөлөөллийн аян болгон зарлаж, төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчдыг нэгдэхийг уриалсан. Ёс зүйн хороо төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйт төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын агуулга, сэдвийг тодорхойлох зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хэрэгцээ ба агуулга” 2 дахь хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, УИХ-аас удирдлага нь томилогддог зарим байгууллага, төрийн албаны тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч агентлаг болон тэдгээрийн харьяа сургалт, судалгааны хүрээлэн, бодлого боловсруулагчдын төлөөлөл, Ёс зүйн дэд хороодоос хэлэлцүүлэгт оролцож, сургалтын агуулгад тусгах санал өглөө.
Хэлэлцүүлэгт “Хил хамгаалах салбарын алба хаагчийн ёс зүйн сургалт, тулгамдаж буй асуудал”, “Батлан хамгаалах салбарын алба хаагчийн ёс зүйн сургалт, тулгамдаж буй асуудал”, “Хууль сахиулах салбарын алба хаагчийн ёс зүйн сургалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус салбарын яамны Ёс зүйн дэд хорооноос танилцуулга хийв.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга, сэдвийн хүрээнд Ёс зүйн дэд хороодын саналыг сонсож, дүгнэлт, зөвлөмж өгөв. Сургалтын агуулгыг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэг, ойлголтын ерөнхий хүрээг тогтоож, цаашид ёс зүйн хууль тогтоомжид зааснаар сургалтын агуулгыг тухайн салбараас мэргэжлийн онцлогтоо тулгуурлан баяжуулж хэрэгжүүлнэ.