БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОН-ТОЙ УУЛЗЛАА
Өнөөдөр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вонтой албан уулзалт хийж, санал солилцлоо. Уулзалтад Ёс зүйн хорооны гишүүн Ч.Эрдэнэчимэг, элчин сайдын яамны зөвлөх Кан Хюн Чол нар хамт байлцав.
Уулзалтын эхэнд Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 30 гаруй жилийн турш амжилттай, идэвхтэй өргөжиж ирснийг тэмдэглээд, ялангуяа, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургалт, судалгааны чиглэлээр сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй хамтран ажиллаж буйг онцоллоо.
Тиймээс энэхүү туршлага дээр үндэслэн шинээр батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, суралцах зорилготой байгаагаа илэрхийлэв.
Ноён элчин сайд шинээр байгуулагдсан Ёс зүйн хорооны үйл ажиллагаатай танилцах завшаан тохиосонд талархаж буйгаа дурдаад өөрийн орны төрийн албан дахь ёс зүйн асуудлыг зохицуулж буй тогтолцоо, онцлог, хөгжлийн түүх, туршлагыг товч танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх хууль тогтоомж, холбогдох мэдээллийг судлан үзэж боломжит чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.