https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ УДИРДЛАГА, ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЗЛАА

Үзсэн: 294
A- A A+

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар өнөөдөр /2024.09.02/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явц, танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцов.

 

Тус Байнгын хорооны чиг үүрэгт төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй зэрэг асуудал хамаардаг тул шинээр байгуулагдсан парламентын гишүүд ёс зүйн манлайллыг үзүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үүрэгтэй. Тиймээс төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэн, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, авлигатай тэмцэх, хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэхэд голлон анхаарна хэмээн Байнгын хорооны дарга уулзалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд 9 гишүүнтэйгээр байгуулагдсан. Аливаа зөрчлийг ил тод, нээлттэй мэдээлдэг байх, хариуцлага тооцох үндсэн чиг үүргээ биелүүлэхэд анхаарч ажиллаж буй талаар Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс танилцууллаа. Тэрбээр, 2024 оны 02 дугаар сард Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1127 байгууллага ёс зүйн дэд хороогоо байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурал баталсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд энэ онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг 21 аймагт нийт 14 392 албан хаагчид явууллаа. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталсан.

Ёс зүйн хороонд нийт 21 гомдол, мэдээлэл ирснээс 17-г шилжүүлсэн, 4 гомдлыг шалгаж байна. Ёс зүйн дэд хороонд 308 гомдол, мэдээлэл ирсэн. Цаашид төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд ёс зүй, хандлагыг гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй хэсэг болгон үнэлэх, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, алдаа гаргасан удирдах албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгддөг хандлага, соёлыг бий болгох ёстой. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, ёс зүйн индекс, ёс зүйн бүртгэл, хяналтын систем нэвтрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Ийнхүү танилцуулсаны дараа Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ёс зүйн хорооны гишүүдийн саналыг сонсов. Гишүүд тулгамдаж буй асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлснээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Байнгын хорооны тогтоолуудын хэрэгжилтийг хангах, зарим хууль, тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгах, эрдэмтэн, судлаачдаар судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, төрийн албаны ёс зүйн индекс, тогтолцоог нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд  хамтрах нь зүйтэй хэмээн үзэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл