ТӨРИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАНА
7 хоног бүрийн 4 дэх өдрийн 10:00 цагт Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ээлжит “7:4:10” сургалт боллоо. Өнөөдрийн сургалтад Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул зочноор оролцож, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу Ёс зүйн хорооноос "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталж, Засгийн газар, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон.
Хууль тогтоомжийн хүрээнд төрийн бүх шатны байгууллагын дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулагдах ёстой. Тэдгээр дэд хорооны үйл ажиллагааг "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-аар нарийвчлан зохицуулсан юм. Тиймээс өнөөдрийн “7:4:10” сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, цахимаар оролцогчдын асуултад хариуллаа. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын дарга О.Чинзориг, Ёс зүйн хорооны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга З.Цэдэнжав нар оролцов.
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ: