ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ II ХУРАЛДААН БОЛЛОО

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ II ХУРАЛДААН БОЛЛОО

Уншсан既読Read 27
ТүгээхShare共有する공유하기

   Ёс зүйн хороо 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ээлжит II хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар тус хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Ажлын албаны орон тооны хязгаарыг тус тус баталлаа. Мөн Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа дахь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний дүн, түүнээс үүдэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

   Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг салбар, орон нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, ажиллахад анхаарах, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах чиглэлийг Ажлын албанд өгөв. Мөн байгууллагуудын ёс зүйн чиглэлээр хэрэгжүүлсэн “сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлж, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

   Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагууд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажилласнаар төрийн албан хаагчдын ёс зүй, эерэг харилцаанд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэж үзэж байна.