
2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ёс зүйн хороонд “Төрийн албаны ёс зүйн индексийг тодорхойлох, агуулга, бүрэлдэхүүн, хүрээг харьцуулан судалж, ёс зүйн индекс нэвтрүүлэх санал, зөвлөмж боловсруулах” судалгааны тайланг танилцуулж, бодлогын түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Судалгааны тайланг судлаач доктор, дэд профессор Г.Мягмар Ёс зүйн хорооны дарга, гишүүд болон Ажлын албаны албан хаагчдад танилцуулсан юм.

Тус судалгаа нь төрийн албанд ёс зүйн хэм хэмжээг бодитой, хэмжигдэхүйц байдлаар үнэлэх нэгдсэн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын туршлага, судалгааны үр дүнд тулгуурлан “Ёс зүйн индекс”-ийг боловсруулах, бодитой нэвтрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх бодлогын ач холбогдолтойг онцлов.

Хэлэлцүүлгийн үеэр хэлэлцүүлэгт оролцогчид ёс зүйн индексийн бүтэц, агуулга, шалгуур үзүүлэлтүүдийг төрийн албаны онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох, хэрэгжилтийг үе шаттайгаар нэвтрүүлэх, үнэлгээний бодит байдал, тогтвортой хэрэгжилтийг хангах, цахим мэдээлэлд суурилсан үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай талаар санал солилцож, уг индексийг нэвтрүүлснээр төрийн албаны ёс зүйн хариуцлага, байгууллагын соёл, ил тод байдалд бодит ахиц гарна гэдэгт санал нэгдлээ.
ЁС ЗҮЙН ХОРОО