ЁС ЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЁС ЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Уншсан既読Read 16
ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Удирдлагын академийн байранд зохион байгуулагдлаа. Ажлын хэсэг Ёс зүйн нэр томьёоны ойлголт, хэрэглээг нэг мөр болгох, хууль тогтоомж, бодлого, сургалт, практикт үүсэж буй зөрүүтэй тайлбар, ойлголтыг багасгах зорилготой юм.

     Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, иргэний нийгмийн байгууллагууд, Авлигатай тэмцэх газар, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, төрийн захиргааны байгууллагууд, Ёс зүйн хороо, мөн Канадын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төслийн төлөөлөл оролцож, тайлбар тольд тусгах зорилго, агуулга, бүтэц, арга зүй, нэр томьёоны хамрах хүрээ, хэрэглээний чиглэлийн талаар санал солилцов. Мөн тайлбар толийн хамрах хүрээг төрийн албаны хэрэгцээнд чиглүүлэх, ёс зүй, ёс суртахуун, эрх зүй, сахилгын зөрчлийн ялгааг тодорхойлох, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд практикт ойлгомжтой тайлбарлах асуудлыг онцлов.

     Ажлын хэсэг нь хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2026 оны эхний улиралд багтаан тайлбар толийн эхний хувилбарыг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд уг баримт бичгийг өргөн хүрээний хэлэлцүүлгээр сайжруулан эцэслэхээр төлөвлөж байна. Энэхүү тайлбар толь нь төрийн албан хаагчдын ёс зүйн ойлголтыг нэг мөр болгох, сургалт, судалгаа, бодлого боловсруулалт, хууль хэрэглээнд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болох юм.