ОЛОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАГЧДЫН ФОРУМ БОЛОН МАНЛАЙЛЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОЛОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАГЧДЫН ФОРУМ БОЛОН МАНЛАЙЛЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уншсан既読Read 107
ТүгээхShare共有する공유하기

   “Олон улсын төрийн албаны удирдагчдын форум” 2026 оны 1 дүгээр сарын 20–23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдаж Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар оролцлоо.

   Уг форум 2011 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод анх зохион байгуулагдсанаас хойш дэлхийн улс орнуудын төрийн албаны дээд түвшний удирдлагуудын туршлага солилцох нэр хүндтэй олон улсын индэр болон хөгжиж ирсэн юм.

     Энэхүү дээд хэмжээний уулзалтад төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах, дэлхийн тодорхой бус нөхцөл байдалд манлайллыг бэхжүүлэх, бодлого боловсруулах үйл явцыг оновчтой болгох, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр 20 гаруй орны 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

   Мөн төрийн засаглалын эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах, иргэн төвтэй, уян хатан, үр ашигтай төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох, орчин үеийн сорилтод нийцсэн төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр улс орнуудын хамтын ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах уулзалт боллоо.

    Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Сингапур Улсын Төрийн албаны бодлогын газрын нарийн бичгийн дарга, Төрийн албаны коллежийн захирал Тан Ги Кёү, Канад Улсын Төрийн албаны зөвлөлийн Ерөнхийлөгч Марие Шантал Жирард, Австрали Улсын Төрийн албаны дэд комиссар Шубо Банержи, Шинэ Зеланд Улсын Төрийн албаны Комиссар Сир Брайн Ройш, Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын Дэд дарга Жиллиан Дорнер нартай уулзаж төрийн албаны үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал, нийгмийн ёс зүйн соёл, ёс зүйн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр 2 талт уулзалт хийж хамтын ажиллагааны санал солилцов.

      Мөн Сингапур Улсын Punggol Digital District (PDD) буюу Пунгол цахим дүүрэгт зочилж, “Smart Nation” бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурласан дижитал эдийн засаг, инновац, ухаалаг хотын шийдлүүдийг хөгжүүлж буй үйл ажиллагаа болон тус дүүрэгт байрлах Accenture Connected Innovation Centre буюу Accenture компанийн холбогдсон инновацын төвийн үйл ажиллагааг судалж, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг боловсруулан, туршиж буй үйл явцтай танилцлаа.

     Монгол Улсын Ёс зүйн хорооны зүгээс энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсоноор төрийн албаны болон нийгмийн ёс зүй, хариуцлага, ил тод байдал, манлайллыг бэхжүүлэх олон улсын шилдэг туршлагыг бодлогын түвшинд судлан нэвтрүүлэх, ёс зүйн тогтолцоог шинэчлэл, дижитал засаглалтай уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааны суурийг тавьж олон улсын туршлага солилцох боломж бүрдэж буй ач холбогдолтой байна.

ЁС ЗҮЙН ХОРОО