ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Гадаад харилцааны яамны газар, хэлтсийн дарга, ёс зүйн дэд хорооны гишүүдэд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцлоо.
Сургалтын эхэнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ёс зүйн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд болон дипломат албаны талаарх хууль тогтоомжийн шинэчлэлийн бодлогыг танилцууллаа. Мөн албан хаагчдынхаа ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд Ёс зүйн хороотой хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сургалтаар төрийн албан хаагчид, томилох эрх бүхий албан тушаалтнуудад ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн нэр төрийг хамгаалах, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэх, хариуцлагатай ажиллах, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцав.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Дипломат харилцаа бол Монгол төрийн алтан аргамж юм. Иймд дипломатууд та бүхэн төрийн албан хаагчийн ялангуяа дипломат ажилтны ёс зүйг чанд сахих нь чухал юм” хэмээн онцоллоо.
ЁС ЗҮЙН ХОРОО