ШВЕЙЦАРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ЁС ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА, НОЁН НИКОЛАС БӨРГИТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, ёс зүйн асуудал хариуцсан газрын дарга, ноён Николас Бөргитэй албаны уулзалт хийлээ.
Талууд төрийн байгууллагуудын дотоод хяналт, үнэлгээ, төрийн албаны хүний нөөцийн бодлого, ил тод шударга байдал, төрийн албан хаагчдын ёс зүй, тэдгээртэй холбоотой гомдол зөрчлийг шийдвэрлэх бодлого, үйл ажиллагаа, механизмын талаар харилцан танилцуулж, боломжит чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох талаар санал солилцов.
Швейцарын Гадаад хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, ёс зүйн асуудал хариуцсан газар нь төрийн худалдан авах ажиллагаа, байгууллагын гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ, албан хаагчдын ёс зүй, шударга байдлын хянах чиг үүрэгтэйгээр ажилладаг байна. Тус газрын Ёс зүйн асуудал хариуцсан хэлтэс 2020 оноос эхлэн Ёс зүйн зөрчил гомдол хүлээн авах, шийдвэрлэх нэгдсэн платформыг нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Зөрчил илэрсэн тохиолдолд тухай зөрчлийн хэлбэр, хамаарах асуудлаас шалтгаалан яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, санхүүгийн аудит, дотоод хяналтын газруудтай хамтран шийдвэрлэдэг байна. Мөн ажлын байран дахь тэгш боломж, хүртээмж, ёс зүйн асуудлыг хариуцаж, удирдах албан хаагчдад чиглэл, зөвлөмж өгдөг ажээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун тус газартай төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэм хэмжээг сахиулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Швейцарын тал үндсэн чиг үүрэг, нөөц боломжинд үндэслэн хамтын ажиллагааг тогтоох, цаашид хөгжүүлэх боломжтой гэлээ.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА