ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ТАЕХЮН ЛИ-ТЭЙ УУЛЗЛАА
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли болон тус банкны Засаглал, төрийн байгууллагууд хариуцсан ахлах ажилтан Д.Бадамчимэг нартай албан уулзалт хийлээ.
Тэрээр уулзалтын эхэнд төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх байгууллага болох Ёс зүйн хорооны чиг үүрэг, эрхлэх асуудлуудын талаар товч мэдээлэл өглөө.
Мөн тус банкнаас засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг дэмжих хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, 2020 онд боловсруулж гаргасан “Өндөр чадавхтай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” тайланг боловсруулж танилцуулсанд талархаад цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ноён Таехюн Ли Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Уих Хурал, Засгийн газраас баримталж буй бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, нягт хатран ажиллаж ирсэнг онцлоод, төрийн алба ур чадвартай, мэргэшсэн, ёс зүйтэй байвал иргэдийн төрд итгэх итгэл дээшлэх, төрийн албан хаагчдыг үнэлэх үнэлэмж сайжрах болно гэлээ. Мөн засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх тал дээр өөрийн байгууллагын нөөц, боломж, түншлэгч талууд, хамтран ажиллах хэлбэрүүдийг тодорхойлох, боломжит хувилбаруудыг судлан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.