https

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 137 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГОО ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖЭЭ

Үзсэн: 119
A- A A+

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.25) Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцлоо.

Тус аймгийн хэмжээнд төрийн албаны 180 байгууллагад 7963 төрийн албан хаагч ажилладаг. Тэдний төлөөллийг оролцуулсан сургалт Өлгий хотын М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт болов. Сургалтад 550 гаруй төрийн албан хаагч хамрагдаж “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийн хамрах хүрээ, онцлог зохицуулалт, төрийн байгууллагын дэргэд ажиллах ёс зүйн дэд хорооны ажиллах журмын талаар мэдээлэл авлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн өмнө ажиллаж байсан ёс зүйн зөвлөлүүдийг өөрчилж зохион байгуулах ажил орон даяар өрнөж байгаа. Одоогийн байдлаар тус аймагт 137 төрийн байгууллага ёс зүйн дэд хороогоо шинэчлэн байгуулсан байна.

Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл