СЭЛЭНГЭ АЙМАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнөөдөр (2024.05.13) Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг тус аймаг дахь Төрийн албан салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг даргатай уулзаж, төрийн албан хаагчдын төлөөлөлд сургалт зохион байгуулсан. Сургалтад танхимаар 450, цахимаар 300 гаруй, нийт 750 гаруй албан хаагч хамрагдав.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны тайлан”-г танилцуулж, Ёс зүйн хорооны гишүүн, доктор М.Цэрэнбат Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын хэрэгжилтэд анхаарах зүйлсийг танилцуулсны зэрэгцээ тэдний санал бодлыг сонсож, асуултад хариулав.
Ажлын хэсэг удирдамжийн дагуу хяналт шалгалт болон зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд төрийн улс төрийн 128, төрийн захиргааны 674, төрийн тусгай 207, төрийн үйлчилгээний 5750, нийт 6759 албан хаагч ажиллаж, аймгийнхаа хүн ардад үйлчилж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.