ЁС ЗҮЙН ХОРООНЫ 04 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО
Ёс зүйн хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ёс зүйн хорооны Ажлын албаны үйл ажиллагааны дүрмийг баталж, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын албанд даалгалаа. Ажлын алба нь Ёс зүйн хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн дагуу мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй нэгж юм.
Ёс зүйн хорооны орон тооны гишүүд 2024 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд төв болон зүүн бүсийн 11 аймагт ажиллаж, төрийн албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын хэрэгжилтэд анхаарах зүйлсийг танилцуулсны зэрэгцээ тэдний санал бодлыг сонсож, цаашид үйл ажиллагаанд тусгахыг зорьсон. Тухайлбал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргахаар боллоо. Төслийг дараагийн хурлаар хэлэлцэн баталж, төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороодод хүргэхээр тогтов.