ЭЛЧИН САЙД НАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэсэн. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулав.
Уулзалтыг нээж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогод чадварлаг, ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилго тавьсан. Улс орны төрийн алба хэдий чинээ тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс хараат бус, чадварлаг байна тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн төдий чинээ сайжирдаг гэж үздэг. Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үе шатыг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний сайн туршлага, үр дүн, дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Монгол Улс төрийн албан хаагчдынхаа ёс зүйн асуудалд анхаарч, бие даасан хууль болон Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан мөрдүүлж байна. Төрийн албанд ёс зүй, шударга байдлыг бүрэн нутагшуулахад Ёс зүйн хороо анхаарч, удирдаж ажиллана гэв.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны шинэтгэл, үйл явц, үр дүн” сэдвээр, Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ш.Батсүх “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалт хэлэлцүүлэгт 20 гаруй улсын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон санал хэлж, байр сууриа илэрхийллээ.