
Төрийн албаны ёс зүйн сургагч багш бэлтгэх дунд шатны эхний сургалтыг Удирдлагын академи, Канад-Монголын Мерит төсөлтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, 25 төрийн албан хаагчийг ёс зүйн дунд шатны сургагч багшаар бэлтгэн, үнэмлэх гардууллаа.
Сургалтыг ёс зүйн зөрчлийн бодит тохиолдлуудад тулгуурлан, оролцогчдод мэдлэгийг бүрэн эзэмшүүлэх үүднээс идэвхтэй оролцооны аргуудыг түлхүү ашиглан зохион байгуулсан.

Ёс зүйн дунд шатны сургагч багшаар бэлтгэгдсэн төрийн албан хаагч нар ёс зүйн гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчилд шинжилгээ хийх, зөрчлийн шалтгаан, үр дагаврыг тодорхойлох арга зүйд суралцсан.
Төрийн албан хаагчийн ёс зүйт зан үйл, ёс зүйт шийдвэр гаргалт, түүний үр нөлөө, ач холбогдол болон ёс зүйг эрхэмлэдэг байгууллагын соёлыг хэрхэн төлөвшүүлэх, хиймэл оюун ухааныг ашиглахдаа ёс зүйн хэм хэмжээг сахих зэрэг чиглэлээр өөрийн ажилладаг байгууллага, салбартаа сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Түүнчлэн Канад Улсын төрийн албаны ёс зүйн сайн туршлагаас судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Төрийн албаны ёс зүйн дунд шатны сургагч багш бэлтгэх сургалтыг дүгнэж, сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагч нарт үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс, Удирдлагын академийн захирал, доктор, профессор Д.Байгал, Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, доктор Ч.Эрдэнэчимэг, Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор Д.Баянмөнх, Канад-Монголын Мерит төслийн Техникийн зөвлөх Хэйдэр Макинтош нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган илүү чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахын чухлыг онцолж, ёс зүйн сургагч багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ.

ЁС ЗҮЙН ХОРОО