ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

     Ёс зүйн хороо нь улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн арга зүй, мэргэшлийн удирдлагаар ханган, хяналт тавьж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодтой хамтран хэрэгжүүлж байна.

     Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга, сэдвийг 2024 оны 15 дугаар тогтоолоор баталж, Удирдлагын академитай хамтран төрийн байгууллагуудад ёс зүйн сургагч багш бэлтгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 147 төрийн албан хаагчийг ёс зүйн суурь шатны сургагч багшаар бэлтгэн, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

     Төрийн албаны ёс зүйн сургагч багш бэлтгэх дунд шатны эхний сургалтыг Удирдлагын академи, Канад-Монголын Мерит төсөлтэй хамтран зохион байгуулж 25 төрийн албан хаагчийг хамруулж байна.

     Сургалтын нээлтэд Ёс зүйн хорооны гишүүн, доктор, профессор Ш.Батсүх, Удирдлагын академийн захирал, доктор, профессор Д.Байгал, Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор М.Баянмөнх, Канад-Монголын Мерит төслийн зөвлөх Р.Алтангэрэл, төслийн техникийн зөвлөх Heather Maclntosh, Хүний эрх, ёс зүйн мэргэжилтэн Ц.Оюун нар оролцов.

     Сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагч нар суурь шатны мэдлэгээ дээшлүүлж, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийн, сургалтыг тохиолдолд суурилсан арга, хэлбэрээр зохион байгуулах арга зүйг эзэмших бөгөөд сургалтыг ёс зүйн зөрчлийн бодит тохиолдлуудад тулгуурлан явуулж буйгаараа онцлог юм.

ЁС ЗҮЙН ХОРОО