
Ёс зүйн хорооны даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хоёр дахь хурал 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн ахалж, төрийн албаны ёс зүйн индекс тооцох аргачлалыг боловсруулан туршин судлах ажлын явцад гүйцэтгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллаж байна.

Ёс зүйн хороо төрийн албаны ёс зүйн индексийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд төрийн албаны ёс зүйн индексийн агуулга, бүрэлдэхүүн, хамрах хүрээг тодорхойлох, олон улсын болон дотоодын туршлагыг харьцуулан судлах ажлыг 2025 онд гүйцэтгэж, индекс нэвтрүүлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг боловсруулсан.

Ёс зүйн хороо 2026 онд ёс зүйн индекс тооцох аргачлалыг боловсруулж, 2027 оноос уг аргачлалын дагуу албан ёсны үнэлгээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд аргачлалыг туршин судалж боловсруулах ажлыг “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран гүйцэтгэх бөгөөд ажлын хэсэг нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн, холбогдох санал, мэргэжил, арга зүйн зөвлөмж, чиглэлийг өглөө.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээг системтэйгээр төлөвшүүлж, өдөр тутмын зан үйл, шийдвэр гаргалтад ёс зүйн индекс чухал ач холбогдолтой. Уг индекс нь ёс зүйн бодлогын олон үзүүлэлтийг нэгтгэн хэмжих замаар байгууллагуудын ёс зүйн төлөв байдал, түвшнийг харьцуулах, хөгжлийн чиг хандлагыг үнэлэх боломжийг бүрдүүлэх нийлмэл хэмжүүр болно.

ЁС ЗҮЙН ХОРОО