
Судалгааны түүврийн зохистой хэмжээг тооцож, орон нутаг болон салбарын төлөөллийг ханган төрийн байгууллага, албан тушаалын ангилал, төрлөөр 50 байгууллагын 3,268 төрийн албан хаагч, 1,858 иргэн хамруулж, нийт 5,126 хүнийг хамруулав.
Судалгаагаар иргэдийн ёс суртахууны хэм хэмжээний талаарх ойлголт мэдлэг, төрийн албан хаагчийн зан харилцаа, хандлага, мэдлэг, зөрчлийн түгээмэл хэлбэр болон төрийн үйлчилгээ авахад иргэдэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлсон.
Төрийн үйлчилгээ авахад иргэдэд тулгарч буй саад, бэрхшээлийг тодорхойлоход ахмад болон залуу үеийнхний харилцааны ялгаа, үе хоорондын ойлголцлын зөрүү, албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хойрго, тодорхойгүй, хүлээлгэдэг, байгууллагын мэдээлэл ил тод биш байдал түгээмэл тулгарч байна гэсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн иргэдэд улс төр, намын харьяаллаар ялгавартай хандах явдал нь иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна гэж иргэдийн зүгээс үзсэн байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх судалгааны үр дүнг нэгтгэн үзвэл ёс зүйн зөрчил гарахад ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь удирдах албан тушаалтны манлайлалгүй байдал, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, төлөвшил, улс төрийн нөлөө гэж тодорхойлогдсон байна.
Та судалгааны дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА