НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ТүгээхShare共有する공유하기

Ёс зүйн хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, ахлах мэргэжилтэн Б.Баянжаргал нар оролцов.

Уулзалтаар төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр (2024-2030)-ийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд хүүхэд, залуучуудын дунд зөв хандлага, үнэт зүйлийг төлөвшүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, ёс зүйн боловсролын агуулга бүхий контент боловсруулах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн аян өрнүүлэх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, багш, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдийг онцлов.

Мөн төрийн албан хаагчдын ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, байгууллагын соёлыг сайжруулахад чиглэсэн хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж, бодит үр дүнд хүрсэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааг тогтвортой, үр өгөөжтэй байлгахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ЁС ЗҮЙН ХОРОО