
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад–Монголын MERIT төсөлтэй хамтран 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих “Хамтдаа түүчээлье” хэлэлцүүлгийг Удирдлагын академийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, төслийн удирдагч Р.Алтангэрэл үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг "Хүний эрх ба эмэгтэйчүүд", Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва "Төрийн албан дахь жендерийн ерөнхий төлөв байдал", МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, “Жүр Үр” компанийн ерөнхий захирал Б.Мөнхзул "Бизнесийн салбарын эмэгтэйчүүдийн манлайлал", Эмэгтэйчүүд, залуучуудын “Оюуны сан” үндэсний сүлжээний тэргүүн Ц.Бүжидмаа (PhD) "Эмэгтэйчүүдийн хамтын түүчээ-шинэ үнэлэмж" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Үдээс хойш “Хүний эрх, жендер, ёс зүй”, “Иргэн төвтэй төр - иргэдийн оролцоо”, “Дижитал шилжилт ба эмэгтэйчүүд”, “Сэтгэлгээний өөрчлөлт”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эмэгтэйчүүд”, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг М.Болормаа, Ч. Эрдэнэчимэг (PhD), Д.Баатарсайхан, Р.Алтангэрэл, Д.Сүрэнчимэг (PhD), Б.Энхгэрэл, Ц.Бүжидмаа (PhD) нар бүлгээр ажиллуулж, панел хэлэлцүүлгүүд өрнүүлж, оролцогчид туршлага, санал санаачилгаа хуваалцлаа.

Мөн тус арга хэмжээнд төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, малчин болон бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зэрэг нийт 160 гаруй оролцогч оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид үзэл бодлоо нэгтгэн “Хамтын уриалга” гаргаж, жендерийн тэгш байдлыг хангасан, ёс зүйтэй, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зорилтуудыг тодорхойлов.

Тус арга хэмжээг дүгнэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс оролцогчдод хандаж, эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагаа, санаачилгыг цаашид улам өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, “Хамтдаа түүчээлье” уриалгыг бодит ажил хэрэг болгоход итгэлтэй буйг илэрхийлж, “Ургаж буй цэцэгс шиг улам дэлгэрч, эмэгтэйчүүдийн манлайлал улам тэлэх ерөөлийг дэвшүүлж, бие биеэ дэмжин, нийгэмд эерэг өөрчлөлтийг хамтдаа эхлүүлэх нь улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.
ЁС ЗҮЙН ХОРОО