
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын чуулганаар батлагдаж, хэрэгжиж эхлээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-ын 2024 оны 27 дугаар тогтоолоор дунд хугацааны бодлогын баримт бичиг “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр /2024-2030 он/”-ийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-д заасны дагуу Ёс зүйн хорооны 2025 оны 09 дүгээр тогтоолоор байгууллагын “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт-ийг тодорхойлж, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлал, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа гэсэн 3 агуулгын хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр Төрийн захиргааны төв байгууллага (16 яам), Засгийн газрын агентлаг (40), аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (22) зэрэг төрийн болон нутгийн захиргааны 78 байгууллагыг үнэлж, дүгнэлээ.
Үнэлгээнд хамрагдсан 78 төрийн байгууллагаас яам 64.5 хувь, 40 агентлаг 62.7 хувь, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 63.3 хувийн дундаж үнэлгээтэй байна.
Нийт байгууллагын хэмжээнд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 55 хувь, томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлал 53 хувь, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа 86 хувь байна.
Төрийн байгууллагад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайллыг дээшлүүлэх шаардлагатай гэж дүгнэв.
Үнэлгээний дүнг Ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрээр баталгаажуулж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт зохих журмын дагуу хүргүүллээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх бодлого, үйл ажиллагааг төрийн байгууллагын бүх шатанд хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тогтвортой, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд салбарын түвшинд анхаарч, томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайллыг бэхжүүлэх, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг бодит үр дүнд чиглүүлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай гэж үзлээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний дүнтэй энд дарж танилцана уу.
Утас: 51-266023
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА